Мэдээллийн технологийн салбарын охидын олон улсын өдөр тохиож байна
Өнөөдөр мэдээллийн технологийн салбарын охидын олон улсын өдөр тохиож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногийн энэ өдрийг тус салбарт суралцаж буй охидыг өдөр болгон тэмдэглэдэг билээ. Эрэгтэйчүүд давамгайлсан энэ салбарт охид, бүсгүйчүүдийг оролцоог нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах, охид, бүсгүйчүүд “өөрчлөлтийн хүчирхэг төлөөлөгч” байх боломжийг олгох зорилгоор энэ өдрийг дэлхийн 150 гаруй улс оронд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Манай улсын хувьд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ 2021 онд “Код бичих охидын хөтөлбөр”-ийг санаачилж, Боловсрол, шинжлэх ухааны яам, МУИС, Хаан банк, Голомт банк, ICT Group CNT Tech ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ компанийн дэмжлэгтэйгээр 21 аймаг 9 дүүргийн нийт 30 охиныг хөтөлбөрт хамруулсан билээ. Тус хөтөлбөрт хамрагдсан 30 охины 10 нь дэлхийн томоохон их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байна. Үүний зэрэгцээ, Говь-Алтай аймгийн оролцогч Б.Маргад Тонхил сумын ЕБС-ийн веб сайтыг зохион бүтээж, мэдээлийн технологийн улсын олимпиадад оролцож, алтан медаль хүртсэн байна. Мөн Хан-Уул дүүргийн оролцогч Б.Анударь сургууль дээрээ код бичих клуб байгуулан, өөрийн сурсан мэдлэгээ бусадтай хуваалцаж явна. Харин Сүхбаатар аймгийн оролцогч Н.Мөнхжин “И-Монгол” академид өнгөрсөн өвлийн амралтаараа дадлага хийж, мэдлэгээ улам гүнзгийрүүлж, хоёр аппликейшн зохион бүтээсэн юм. Энэ мэтчилэн “Код бичих охидын хөтөлбөр”-т хамрагдсан 30 охин сурсан мэдлэгээ бусадтай хуваалцаж, өөрсдийн ур чадвараа сайжруулж, бусад охиддоо үлгэр жишээ болж явна.
Тэгвэл энэ жил тус хөтөлбөрт нийт 50 охиныг хамруулахаар зорьж байна. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт 3 үе шаттай явагдах бөгөөд бүртгэл нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Хөтөлбөрийн бүртгэл 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ охид www.girlscode.mn сайтын БҮРТГЭЛ-2022 гэсэн цэс руу орж бүртгүүлнэ.
Холбоо барих утас: Холбоо барих утас: 51266210














“Код бичих охидын хөтөлбөр – 2022” зарлагдлаа
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийн санаачилсан “Код бичих охидын хөтөлбөр” хоёр дахь жилдээ зарлагдлаа. Энэ жилийн хөтөлбөрийг Боловсрол шинжлэх ухааны яам, Хаан банк, Голомт банк, ONDO, Юнител ХХК, Скайтел ХХК, ICT Group, Тапатрип ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ компани зэрэг компаниуд дэмжин ажиллаж байна.
Өнгөрсөн жил бид тус хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн нийт 30 охиныг гурван шатны сонгон шалгаруулалтаар сонгож, код бичих ур чадварыг олгосон бол энэ жил 50 охиныг сонгон шалгаруулна.
Хөтөлбөрийн бүртгэл 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ охид www.girlscode.mn сайтын БҮРТГЭЛ-2022 гэсэн цэс руу орж бүртгүүлнэ.
Хөтөлбөрт бүртгүүлсэн нийт охид гурван шатны сонгон шалгаруулалтад тэнцсэний дараагаар тус хөтөлбөрт хамрагдах юм. Эхний шатанд дараах шалгуураар сонгон. Үүнд
- Алслагдсан аймаг, сум, дүүрэг хороонд амьдардаг бөгөөд онлайн сургалтад тогтмол хамрагдах боломжгүй;
- Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч
- Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх
- Ачаалал даах чадвартай
- Зуны амралтын хоёр сарыг код бичих сургалтад зарцуулах сонирхолтой байх
- Цаашид мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой байх
Хөтөлбөрийн эхний шатанд тэнцсэн охид хоёр дахь шатны сонгон шалгаруулалт буюу математикийн онлайн шалгалтыг өгнө. Үүний дараагаар ярицлагад орсноор тус хөтөлбөрт хамрагдах боломжтой болох юм.
“Код бичих охидын хөтөлбөр” нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг бэлдэх, бүс нутгийн тоон хуваагдлыг бууруулах, жендерийн тэгш бус байдлыг багасгах зорилготойгоор анх 2021 онд зохион байгуулагдсан юм. Өнгөрсөн жил тус хөтөлбөрт хамрагдсан 30 охины 10 нь дэлхийн томоохон их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байна. Тэдний хувьд зуны амралтаараа код бичиж сурсан нь тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад нь чухал түлхэц болжээ.
Үүний зэрэгцээ, Говь-Алтай аймгийн оролцогч Б.Маргад Тонхил сумын ЕБС-ийн веб сайтыг зохион бүтээж, мэдээлийн технологийн улсын олимпиадад оролцож, алтан медаль хүртсэн байна. Мөн Хан-Уул дүүргийн оролцогч Б.Анударь сургууль дээрээ код бичих клуб байгуулан, өөрийн сурсан мэдлэгээ бусадтай хуваалцаж явна. Харин Сүхбаатар аймгийн оролцогч Н.Мөнхжин “И-Монгол” академид өнгөрсөн өвлийн амралтаараа дадлага хийж, мэдлэгээ улам гүнзгийрүүлж, хоёр аппликейшн зохион бүтээсэн юм. Энэ мэтчилэн “Код бичих охидын хөтөлбөр”-т хамрагдсан 30 охин сурсан мэдлэгээ бусадтай хуваалцаж, өөрсдийн ур чадвараа сайжруулж, бусад охиддоо үлгэр жишээ болж явна.
Холбоо барих утас: 51266210
Н.Мөнхжин: “Код бичих охидын хөтөлбөр” миний өмнө маш том боломжийг нээж өгсөн
“Код бичих охидын хөтөлбөр – 2021” – т Сүхбаатар аймгаас оролцсон Н.Мөнхжинтэй бяцхан яриа өрнүүллээ. Тэрбээр Үндэсний дата төвийн хөгжүүлэлтийн хэлтэст дадлага хийж, мэдлэгээ гүнзгийрүүлж, хоёр аппликейшн бүтээсэн билээ.\
Сайн уу. Ярилцлагынхаа эхэнд хоёулаа танилцъя. Н.Мөнхжин гэдэг охин ямархуу охин вэ? “Код бичих охидын хөтөлбөр”-т хэрхэн хамрагдаж байв?
Сайн байна уу. Намайг Н.Мөнхжин гэдэг. Сүхбаатар аймгийн Онгон сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч. Маш том хүсэл мөрөөдөлтэй, хөдөөгийн энгийн нэгэн хүүхэд байна. Анх “код” гэж юу байдгийг мэддэггүй хүүхэд байсан. Гэхдээ тус хөтөлбөрт 21 аймгаас шалгарсан хүүхдүүд хамрагдана гэсэн нь их сонирхол татаж байсан. Мөн Идэр-од комедиан код гэдэг зүйлийг багахан ч болтугай мэдэх нь ирээдүйд маш хэрэгтэй гэсэн утга бүхий пост өөрийн фейсбүүк хуудаснаа оруулсан байсныг харж байлаа. Иймээс код бичиж чадахгүй ч гэсэн тус хөтөлбөрт хамрагдсанаар код гэдэг зүйлийг анхнаас нь суралцаж, 21 аймгийн охидоос их зүйл сурна гэсэн бодолтойгоор бүртгүүлээд шалгалтаа өгөөд тэнцсэн.
Хөтөлбөрийн хугацаанд чухам юу сурч мэдсэн вэ? Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар чиний амьдралд ямар нэгэн өөрчлөлт гарсан болов уу?
Бид хоёр сарын хугацаанд программчлалын анхан шатны мэдлэг, жава, вебийн анхан шатны мэдлэг, html зэргийг судалсан. МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш нар бидэнд хичээл заасан. Харин англи хэлний хичээлийг Faro боловсролын төвийн багш нар заасан. Сургалтын хугацаанд Монголын мэдээллийн технологийн тэргүүлэгч компаниудад тур аялал хийж, тус салбарт ажиллаж буй манлайлагчдын туршлагыг судлах боломж олдсон. Одоо бодоход хөтөлбөрт хамрагдахаас өмнөх үеийн Н.Мөнхжин, хөтөлбөрийн дараах үеийн Н.Мөнхжин тэс өөр хүмүүс мэт санагдаж байна. Хөтөлбөрт хамрагдсанаас хойш 6 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Н.Мөнхжин гэдэг хүн өөр хүн болчихсон мэт мэдрэмж төрдөг болсон. Тухайлбал, юмыг харах өнцөг өөрчлөгдсөн, мөн өөрийгөө хөгжүүлье, үе тэнгийнхнээсээ илүү ихийг суръя, мэдье гэсэн хүсэл эрмэлзэлтэй болсон. Хөтөлбөрт хамрагдсан маань миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт болсон төдийгүй миний өмнө маш том боломжийг нээж өгсөн.

Үндэсний дата төвд дадлага хийсэн гэсэн. Энэ тухайгаа бидэнтэй хуваалцаач?
Анх хөтөлбөрт хамрагдаж байхад “код” бол миний хийж чадах зүйл биш юм байна гэж бодож, маш их шантарч, заримдаа уйлах тохиолдол ч гарч байсан. Гэхдээ энэ бүхний ард гарсны дараа “код” бичих нь надад сонирхолтой санагдаж эхэлсэн.
Тэгээд сурагчийн амралтаараа би яагаад сурсан зүйлээ гүнзгийрүүлж сурч болохгүй гэж гэсэн бодол тээн, хэрвээ ийм боломж байвал би илүү ихийг сурахыг хүсэж байна гээд хөтөлбөрийнхөө зохион байгуулагч нарт хандсан. Хөтөлбөрийн маань зохион байгуулагчид миний хүсэлтийг уриалгахан хүлээн авч, зөвшөөрсөн. Ингээд Үндэсний дата төвийн хөгжүүлэлтийн хэлтсийн багт орж, дадлага хийх боломж олдсон.
Код бичиж сурсны дараагаар IT-ийн инженерүүдийн дунд орж, уур амьсгалыг нь мэдэрнэ гэдэг бол гайхалтай байх.
Тийм ээ. Дадлага хийж эхний хугацаандаа нэлээн эмээж байсан. Мөн IT инженерүүд нэлээн дуу муутай хүмүүс байх гэж төсөөлж байсан. Гэтэл бодит байдал дээр уур амьсгал маш хөгжилтэй, сайхан байсан. Дата төвийн инженерүүд маш завгүй ажилладаг хүмүүс байна лээ. Хэдий завгүй байсан ч төвөгшөөхгүйгээр надад мэддэг чаддаг бүхнээ зааж сургасан. Дадлагынхаа хугацаанд би мобайл аппликейшн хийх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Ингээд хоёр сарын хугацаанд зарлагаа хянах апп болон асуулт, хариултын мэдлэг сорьсон тестийн апп бүтээсэн. Хэдийгээр дадлагын хугацаа дуусаж, сумандаа ирсэн ч гэсэн IT инженерүүдийн бэлдэж өгсөн видео хичээлийг үргэлжлүүлэн судалж байна.
Код бичих охидын хөтөлбөрт хамрагдсанаас хойш бие дааж, энэ чиглэлд өөрийгөө хөгжүүлж байгаа чамд амжилт хүсье. Тус хөтөлбөр маань 2022 онд үндэсний хэмжээний хөтөлбөр болж, цар хүрээгээ тэлэх гэж байна. Хөтөлбөрийг сонирхож буй хүүхдүүдэд хандаж хэлэх зүйл байгаа юу?
“Код бичих охидын хөтөлбөр” маань цар хүрээгээ тэлж, үндэсний хэмжээний хөтөлбөр болж тун удахгүй зарлагдах гэж буйд миний хувьд маш их баяртай байна. Иймд тус хөтөлбөрт хамрагдах боломж олдвол заавал хамрагдаарай гэж хэлмээр байна. Та бүхний хувьд маш том үүд хаалга нээгдэнэ шүү. Ирээдүйдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт чинь байх болно. Хамгийн гол битгий шантраарай гэж захимаар байна.





“ICT Group”-д зочиллоо
Монгол Улсын стратегийн салбар болох эрүүл мэнд, боловсрол, санхүү, эдийн засгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг мэдээллийн технологийн компаниудын нэгдэл болсон ICT Group-ийн үйл ажиллагаатай “Код бичих охидын хөтөлбөр”-ийн оролцогчид танилцлаа.
Тус групп нь хөрөнгө оруулалт бүхий 18 охин, бүрэлдэхүүн компаниар дамжуулан 65+ гаруй бүтээгдэхүүн үйлчилгээг 100 гаруй харилцагч байгууллага, 150 гаруй түнш, 2,4 сая гаруй эцсийн хэрэглэгчдэд хүргэн, хамтран ажилладаг.
Тус группийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн болон Техник, технологийн газрын захирал А.Отгонбаяр нар хөтөлбөрийн оролцогчдыг хүлээн авч, сонирхолтой яриа өрнүүлэв.
Тус группийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн нь дэлхийн дахинд англи хэлийг чухалчилдаг байсан бол техник, технологи хөгжих хэрээр кодын хэл өндрөөр үнэлэгдэж байна. 2023 онд гэхэд дэлхий нийт кодын хэлээр ярьдаг болж эхэлнэ. Тиймээс код бичих хөтөлбөрт хамрагдаж буй нь цаг үеэ олсон чухал шийдвэр байна гэдгийг онцолж, тус хөтөлбөрт хамрагдаж буй охидод амжилт хүссэн юм.
“Код бичих охидын хөтөлбөр”-ийн оролцогчид ХААН Банк цамхагт зочиллоо
Техник, технологийн хурдацтай хөгжил, дэвшлийн энэ үед технологийн дэвшилд суурилсан эдийн засгийг өргөжүүлэх, мэдээллийн технологийн салбар дахь боловсон хүчний нөөцийг дэмжих, тэр дундаа залуу эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Код бичих охидын хөтөлбөр”-ийн оролцогчид өнгөрсөн бямба гарагт ХААН Банк цамхагт зочиллоо.
Найман долоо хоногийн хугацаанд вэб хөгжүүлэгч болоход шаардлагатай үндсэн чадварууд, алгоритм ба кодчилол, вэб, мобайл програмуудыг эзэмшиж, сурсан мэдсэнийхээ дагуу эх загвар бүтээхээр суралцаж буй эдгээр 30 оролцогч Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс шалгаран тус хөтөлбөрт хамрагдаж буй билээ.
Тогтвортой хөгжлийн “Жендерийн эрх тэгш байдлыг хангах” 5-р зорилгын хүрээнд ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан “Код бичих охидын хөтөлбөр”-ийг дэмжин ажиллаж буй бол хөтөлбөрийн сургалтыг БШУЯ болон МУИС-ийн эрдэмтэн, багш нар хариуцаж байгаа юм. Мөн энэ хөтөлбөрт Голомт банк, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Faro сургалтын төв, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, “Goldman Sachs” зэрэг байгууллага хамтран ажиллаж буй.

“Код бичих охидын хөтөлбөр”-ийн оролцогчид мэдээллийн технологийн үйл ажиллагаа, чиг хандлагатай танилцаж, туршлага судлах тойрон аялал хийж байгаа бөгөөд энэ удаа ХААН Банк Цамхагт ийнхүү зочиллоо. Энэхүү уулзалтад ХААН Банкны цахим шилжилт болон хүний нөөцийн бодлого, мэдээлэл технологи чиглэлийн хүний нөөцийн хэрэгцээ шаардлагын талаар танилцуулж, туршлага хуваалцахаар Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба, Мэдээлэл технологийн бизнес засаглалын газрын захирал Б.Болор-Үжин, Мэдээлэл технологийн үйлчилгээ нэвтрүүлэлтийн газрын менежер М.Мөнх-Эрдэнэ нар оролцож, ирээдүйн инженерүүдтэй чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

Ташрамд дурдахад ХААН Банк Сан 2007 онд үүсэн байгуулагдсан цагаасаа хойш “Хавдрын эсрэг үндэсний аян”, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”, “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”, “RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр” зэрэг 450 гаруй төсөл, хөтөлбөрийг 5 тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлэн нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулж ирсэн. 2021 онд ХААН Банк Сан эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн онцлог, нийгэмд эзлэх байр суурийг батжуулах зорилгын дор “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэ жилийн хувьд Монгол Улсын эрүүл энхийн төлөө тэргүүн эгнээнд жагсаж буй сувилагч, асрагч нарын дунд тус хөтөлбөрийг хэрэгжүүлж, 120 оролцогч шалгаруулан хувь хүний хөгжлийн сургалтуудад хамруулж буй бол тэднээс шилдэг 40 хүнийг ирэх сард тодруулж, мэргэжил дээшлүүлэх академик сургалтын 90 хувийн тэтгэлэг олгох юм.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Монголын цахилгаан холбооны үйл ажиллагаатай танилцав
Монгол орны өнцөг булан бүрээс цугласан 30 охин Монгол улсад анх удаагаа зарлагдсан “Код бичих хөтөлбөр”-т хамрагдаж байгаа билээ. Тэд нийт 322 цагийн код бичих сургалт, 42 цагийн англи хэлний сургалтад тус, тус хамрагдаж буй. Сургалтын МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженержлэлийн сургуулийн багш нар болон Faro боловсролын төв удирдан зохион байгуулж байна.
Тус хөтөлбөрт хамрагдаж буй охид энэ удаад Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Монголын цахилгаан холбоонд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь сансрын технологи, харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудан, өргөн нэвтрүүлэг, инновац, мэдээллийн аюулгүй байдал, цахим засаглалын талаарх хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, салбарын хөгжлийн стратегийг тодорхойлох, бодлогын удирдамжаар хангаж ажилладаг. Тус газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо мэдээллийн технологийн салбарын чиг хандлага, мэргэжлүүдийн талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Үүний дараагаар охид Монголын цахилгаан холбооны үйл ажиллагаатай танилцсан юм.
СМС стартап маркетинг спейсийн үйл ажиллагаатай танилцлаа
“Код бичих охидын хөтөлбөр” амжилттай үргэлжилж байна. Тус хөтөлбөрт хамрагдаж буй 30 охид алгоритм, интернэт, веб сайт хөгжүүлэлт болон программчлалын арга зүй зэрэг нийт 322 цагийн хичээлийг судалж байгаа бөгөөд хичээлийг МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш нар удирдан чиглүүлж ажиллаж байна.
Тус хөтөлбөрт хамрагдаж буй охид хичээлээс гадна Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад тур аялал хийж, туршлага судална. Энэ удаад “СМС стартап маркетинг спэйс” байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Ж.Золжаргалтай яриа өрнүүлсэн юм.
“СМС стартап маркетинг спэйс” нь Монголын анхны дундын оффисуудын нэг бөгөөд 2013 онд үүсгэн байгуулагджээ. Тус төвөөс гарааны бизнес, инновац, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, олон залуусын хүсэл мөрөөдөл, зорилгоо биелүүлэх гүүр нь болж буй билээ.
Өнөөдөр тэд Монгол Улсын есөн дүүрэг 15 аймагт хүрч, бизнес эхлүүлэх хүсэлтэй залууст нийт 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татахад нь тусалж, 778 ажлын байрыг шинээр бий болгожээ.
“Код бичих охидын хөтөлбөр” нээлтээ хийлээ
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийн санаачилсан “Код бичих охидын хөтөлбөр” өнөөдөр /2022.06.18/ нээлтээ хийлээ. Тус хөтөлбөр нь Боловсрол, шинжлэх ухааны яам, МУИС, Хаан банк, Голомт банк, ICT Group, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК, Faro боловсролын төв, CNT Tech ХХК болон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн нийт 30 охин хамрагдаж байна.
Тус хөтөлбөрийн сургалтыг МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш нар удирдан, чиглүүлэх юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ: Энэ хөтөлбөр 2100 охин бүртгүүлснээс маш чадварлаг, Монгол Улсын ирээдүй болсон 30 охин шалгарсан гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр бид Монголын ирээдүйд маш хэрэгцээтэй байгаа инженерүүдийг бэлтгэх суурийг тавьж байна гэж найдаж байна. Энэ боломжийг олгож, та бүхнийг дэмжиж буй маш олон байгууллага бий. Тухайлбал, Таванбогд группийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Хулан Хаан банк болон CNT Tech ХХК-р дамжуулж та бүгдийг дэмжиж байна. Мөн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин болон Х.Ганхуяг нар тойргийнхоо хүүхдүүдийг дэмжиж, энэ хөтөлбөрт хувь нэмрээ оруулж байна. Мөн Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг энэ ажил эхнээс нь маш идэвхтэй оролцож байна. Мөн энэ хөтөлбөрийг МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор, дэд профессор Ч.Лодойравсал дэмжиж оролцож байна. Жил болгон бид энэ хөтөлбөрийг уламжлал болгон зохион байгуулна. Цаашид цар хүрээг нь улам өргөжүүлнэ. Иймд өнөөдөр шалгарсан 30 охин маш сайн суралцаж, дараа дараагийн охид, залуусын түүчээ нь болж явах хэрэгтэй гэж хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Юуны өмнө 2000 гаруй охидоос шалгарсан тус хөтөлбөрт тэнцсэн охиддоо баяр хүргэе. Дэлхийд томоохонд тооцогддог ажил зуучлалын компаниудын судалгаа гарсан байна лээ. Тус судалгаанд ирээдүйд хамгийн өндөр цалинтай, хамгийн эрэлттэй 30 мэргэжлийг тодорхойлсон байна лээ. Тэдгээр гурван мэргэжил тутмын нэг нь компьютер, код бичих ур чадвар, дата өгөгдөл дээр ажиллах ур чадварыг шаардсан мэргэжил эрэлттэй байна гэсэн судалгаа гарсан байна лээ. Тэгэхээр өнөөдөр энд цугласан охид маань ирээдүйн мэргэжлээ зөв сонгож эхэлж байна гэдгийг хэлэхийг хүсэж байна. Уламжлал болсон маркетинг, санхүү биш дэлхий даяар хомсдолд орсон тэр мэргэжлийг сонгон авч, өөрийгөө хөгжүүлэх нь чухал. Банкны салбарт олон жил ажилласан хүний хувьд хэлэхэд тус салбарт хамгийн их дутагддаг мэргэжил бол IT байдаг. Банкууд өөрсдийн IT системээ хөгжүүлээд авч явахад сайн мэргэжлийн түвшинд код бичдэг системийн шинжээчид маш ховор байдаг. Тиймээс энэ бол та бүгдийн хувьд маш зөв мэргэжлийн сонголт гэдгийг хэлэхийг хүсэж байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Ирээдүйд бүх уламжлалт мэргэжил дээр нэмэх нь дижитал гэсэн мэргэжлүүд бий болно. Маркетинг гэвэл дижитал маркетинг, төслийн менежмент гэвэл төслийн дижитал менежмент гэх мэтээр явна. Код бичих гэдгийг би мэргэжил гэхээсээ илүү хэл гэж ойлгож байна. Та бүхэн өнөөдөр англи хэл сурах ёстойгоос гадна код бичих энэ хэлийг сурчихвал дэлхийн гол хоёр үндсэн хэлийг сурчихна гэж ойлгож болно. Та бүхэндээ амжилт хүсье. Эргээд та бүхэн маань дараа, дараагийн охиддоо хичээл заах гээд энэ тайзан дээр ирнэ гэдэгт би итгэлтэй байна.

ХААН банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба: “Код бичих охидын хөтөлбөр” хэмээх энэхүү төсөлд хамтран ажиллах болсондоо маш их баяртай байна. Та бүхний мэдэж буйгаар ХААН банк нь Монгол Улсын хамгийн том арилжааны банк бөгөөд хамгийн том хариуцлагатай ажил олгогч нарын нэг. Энэ төсөлд хамтран ажиллах болсон нэг шалтгаан нь ХААН банк нь цаашдаа цахим үйлчилгээгээрээ тэргүүлэгч банк болох зорилттой ажиллаж байгаа, хоёрдугаарт, бид 6000 ажилтантай, түүний 65-70 хувь нь эмэгтэйчүүд бий. Нийт ажилтнуудын 75 хувь нь 35 наснаас доош насны бүсгүйчүүд бий. Мөн манай удирдлагын баг ихэнх нь эмэгтэйчүүд бий. Дээд түвшний удирдах ажилтнуудын 50 хувь нь эмэгтэйчүүд, дунд болон анхан шатны менежерүүдийн 70 хувь нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд эмэгтэйчүүдийг дэмжсэн, эмэгтэй ажилтнууддаа ээлтэй байгууллага болохыг бид эрмэлзэж ажилладаг. Мөн бизнес эрхэлдэг эмэгтэй харилцагч нартаа зориулсан төрөл бүрийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Манайд 200 гаруй мэдээлэл технологийн ажилтнууд бий. Тэдний 50 хувь нь эмэгтэй. Тиймээс охид та бүхний хувьд ХААН банкны хаалга үүд нээлттэй байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Банк маань технологийн банк болохыг зорьж байгаа энэ үед ур чадвартай, код бичдэг залуучуудыг хүний нөөцийн хэрэгцээ шаардлага бидэнд маш их байдаг. Тиймээс та бүхний дараа, дараагийн охиддоо булган сүүлтэй байж сурсан мэдсэн бусадтайгаа нээлттэй хуваалцдаг байгаарай гэж уриалмаар байна.

“Код бичих охидын хөтөлбөр”-т Увс аймгаас шалгарсан Г.Маралмаа: Сайн байцгаана уу. Юуны түрүүнд энэ гайхалтай өдрийн мэндийг та бүгдэд хүргэе. Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн 11А ангийн сурагч Гончигсүрэнгийн Маралмаа байна. 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр буюу хөтөлбөр зарлагдсан өдрийн маргааш нь миний утсанд notification ирсэн байсан. Тухай notification руу ороод хартал манай найз намайг Болор-Эрдэнэ даргын пост доор мейшн хийсэн байсан. Тухай постыг хартал жил бүр 30 охидыг код бичих хөтөлбөрт хамруулна гэсэн байсан. Тэгээд бид найзтайгаа ярилцаад хамтдаа бүртгүүлсэн. Бид хамтдаа 3 шат хүртэл явсан. Харамсалтай нь хэд хоногийн дараа манай найзад майл ирээгүй, надад майл ирсэн байсан. Тэр үед гэм хийчихсэн хүн шиг санагдаад найздаа хэлж чадахгүй хэд хоног явсан. Нэг өдөр санаандгүй найздаа хөтөлбөрт тэнцсэн тухайгаа хэлтэл найз нь маань яагаад хуульч хүн IT мэргэжилтэй байж болохгүй гэж, харин ч давуу тал болно ш дээ. Миний найз хөтөлбөрт хамрагд, чи мэдлэгтэй болж байна гэдэг чинь би мэдлэгтэй болж байна гэсэн үг. Хоёулаа хамтраад юмыг хийж чадна, чамайг сураад ирсний дараа хоёулаа дүү, ах, эгч зэрэг аймгийнхандаа мэдээлэл өгье, сургалт, семинар зохион байгуулъя гэсэн. Энэ хөтөлбөрт би аав ээж, ах эгч, найз нөхдийнхөө маш их итгэлийг дааж ирсэн. Улс орныхоо өнцөг булан бүрээс аймаг дүүргийнхээ төлөөлөл болж ирсэн шилдэг охидоос тасралтгүй суралцана гэсэн зорилгоо тавьж ирсэн. Тиймээс эмэгтэй хүн аль ч салбарт эрчүүдээс дутахааргүй өрсөлдөж чаддаг юмаа гэдгийг харуулахаар бид харуулахаар ирсэн юм. Мөн биднийг дэлхийд өрсөлдөж, улс орныхоо хөгжлийн түвшнийг өндөрт өргөх боломжийг олгосон ХХМТГ, БШУЯ, МУИС, ХААН банк сан, Голомт банк, ICT Group, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг бүгдэд нь маш их баярлалаа.