Монгол орны өнцөг булан бүрээс цугласан 30 охин Монгол улсад анх удаагаа зарлагдсан “Код бичих хөтөлбөр”-т хамрагдаж байгаа билээ. Тэд нийт 322 цагийн код бичих сургалт, 42 цагийн англи хэлний сургалтад тус, тус хамрагдаж буй. Сургалтын МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженержлэлийн сургуулийн багш нар болон Faro боловсролын төв удирдан зохион байгуулж байна.
Тус хөтөлбөрт хамрагдаж буй охид энэ удаад Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Монголын цахилгаан холбоонд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь сансрын технологи, харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудан, өргөн нэвтрүүлэг, инновац, мэдээллийн аюулгүй байдал, цахим засаглалын талаарх хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, салбарын хөгжлийн стратегийг тодорхойлох, бодлогын удирдамжаар хангаж ажилладаг. Тус газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо мэдээллийн технологийн салбарын чиг хандлага, мэргэжлүүдийн талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Үүний дараагаар охид Монголын цахилгаан холбооны үйл ажиллагаатай танилцсан юм.