Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийн санаачилсан “Код бичих охидын хөтөлбөр” өнөөдөр /2022.06.18/ нээлтээ хийлээ. Тус хөтөлбөр нь Боловсрол, шинжлэх ухааны яам, МУИС, Хаан банк, Голомт банк, ICT Group, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК, Faro боловсролын төв, CNT Tech ХХК болон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн нийт 30 охин хамрагдаж байна.
Тус хөтөлбөрийн сургалтыг МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш нар удирдан, чиглүүлэх юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ: Энэ хөтөлбөр 2100 охин бүртгүүлснээс маш чадварлаг, Монгол Улсын ирээдүй болсон 30 охин шалгарсан гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр бид Монголын ирээдүйд маш хэрэгцээтэй байгаа инженерүүдийг бэлтгэх суурийг тавьж байна гэж найдаж байна. Энэ боломжийг олгож, та бүхнийг дэмжиж буй маш олон байгууллага бий. Тухайлбал, Таванбогд группийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Хулан Хаан банк болон CNT Tech ХХК-р дамжуулж та бүгдийг дэмжиж байна. Мөн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин болон Х.Ганхуяг нар тойргийнхоо хүүхдүүдийг дэмжиж, энэ хөтөлбөрт хувь нэмрээ оруулж байна. Мөн Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг энэ ажил эхнээс нь маш идэвхтэй оролцож байна. Мөн энэ хөтөлбөрийг МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор, дэд профессор Ч.Лодойравсал дэмжиж оролцож байна. Жил болгон бид энэ хөтөлбөрийг уламжлал болгон зохион байгуулна. Цаашид цар хүрээг нь улам өргөжүүлнэ. Иймд өнөөдөр шалгарсан 30 охин маш сайн суралцаж, дараа дараагийн охид, залуусын түүчээ нь болж явах хэрэгтэй гэж хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Юуны өмнө 2000 гаруй охидоос шалгарсан тус хөтөлбөрт тэнцсэн охиддоо баяр хүргэе. Дэлхийд томоохонд тооцогддог ажил зуучлалын компаниудын судалгаа гарсан байна лээ. Тус судалгаанд ирээдүйд хамгийн өндөр цалинтай, хамгийн эрэлттэй 30 мэргэжлийг тодорхойлсон байна лээ. Тэдгээр гурван мэргэжил тутмын нэг нь компьютер, код бичих ур чадвар, дата өгөгдөл дээр ажиллах ур чадварыг шаардсан мэргэжил эрэлттэй байна гэсэн судалгаа гарсан байна лээ. Тэгэхээр өнөөдөр энд цугласан охид маань ирээдүйн мэргэжлээ зөв сонгож эхэлж байна гэдгийг хэлэхийг хүсэж байна. Уламжлал болсон маркетинг, санхүү биш дэлхий даяар хомсдолд орсон тэр мэргэжлийг сонгон авч, өөрийгөө хөгжүүлэх нь чухал. Банкны салбарт олон жил ажилласан хүний хувьд хэлэхэд тус салбарт хамгийн их дутагддаг мэргэжил бол IT байдаг. Банкууд өөрсдийн IT системээ хөгжүүлээд авч явахад сайн мэргэжлийн түвшинд код бичдэг системийн шинжээчид маш ховор байдаг. Тиймээс энэ бол та бүгдийн хувьд маш зөв мэргэжлийн сонголт гэдгийг хэлэхийг хүсэж байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Ирээдүйд бүх уламжлалт мэргэжил дээр нэмэх нь дижитал гэсэн мэргэжлүүд бий болно. Маркетинг гэвэл дижитал маркетинг, төслийн менежмент гэвэл төслийн дижитал менежмент гэх мэтээр явна. Код бичих гэдгийг би мэргэжил гэхээсээ илүү хэл гэж ойлгож байна. Та бүхэн өнөөдөр англи хэл сурах ёстойгоос гадна код бичих энэ хэлийг сурчихвал дэлхийн гол хоёр үндсэн хэлийг сурчихна гэж ойлгож болно. Та бүхэндээ амжилт хүсье. Эргээд та бүхэн маань дараа, дараагийн охиддоо хичээл заах гээд энэ тайзан дээр ирнэ гэдэгт би итгэлтэй байна.

ХААН банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба: “Код бичих охидын хөтөлбөр” хэмээх энэхүү төсөлд хамтран ажиллах болсондоо маш их баяртай байна. Та бүхний мэдэж буйгаар ХААН банк нь Монгол Улсын хамгийн том арилжааны банк бөгөөд хамгийн том хариуцлагатай ажил олгогч нарын нэг. Энэ төсөлд хамтран ажиллах болсон нэг шалтгаан нь ХААН банк нь цаашдаа цахим үйлчилгээгээрээ тэргүүлэгч банк болох зорилттой ажиллаж байгаа, хоёрдугаарт, бид 6000 ажилтантай, түүний 65-70 хувь нь эмэгтэйчүүд бий. Нийт ажилтнуудын 75 хувь нь 35 наснаас доош насны бүсгүйчүүд бий. Мөн манай удирдлагын баг ихэнх нь эмэгтэйчүүд бий. Дээд түвшний удирдах ажилтнуудын 50 хувь нь эмэгтэйчүүд, дунд болон анхан шатны менежерүүдийн 70 хувь нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд эмэгтэйчүүдийг дэмжсэн, эмэгтэй ажилтнууддаа ээлтэй байгууллага болохыг бид эрмэлзэж ажилладаг. Мөн бизнес эрхэлдэг эмэгтэй харилцагч нартаа зориулсан төрөл бүрийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Манайд 200 гаруй мэдээлэл технологийн ажилтнууд бий. Тэдний 50 хувь нь эмэгтэй. Тиймээс охид та бүхний хувьд ХААН банкны хаалга үүд нээлттэй байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Банк маань технологийн банк болохыг зорьж байгаа энэ үед ур чадвартай, код бичдэг залуучуудыг хүний нөөцийн хэрэгцээ шаардлага бидэнд маш их байдаг. Тиймээс та бүхний дараа, дараагийн охиддоо булган сүүлтэй байж сурсан мэдсэн бусадтайгаа нээлттэй хуваалцдаг байгаарай гэж уриалмаар байна.

“Код бичих охидын хөтөлбөр”-т Увс аймгаас шалгарсан Г.Маралмаа: Сайн байцгаана уу. Юуны түрүүнд энэ гайхалтай өдрийн мэндийг та бүгдэд хүргэе. Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн 11А ангийн сурагч Гончигсүрэнгийн Маралмаа байна. 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр буюу хөтөлбөр зарлагдсан өдрийн маргааш нь миний утсанд notification ирсэн байсан. Тухай notification руу ороод хартал манай найз намайг Болор-Эрдэнэ даргын пост доор мейшн хийсэн байсан. Тухай постыг хартал жил бүр 30 охидыг код бичих хөтөлбөрт хамруулна гэсэн байсан. Тэгээд бид найзтайгаа ярилцаад хамтдаа бүртгүүлсэн. Бид хамтдаа 3 шат хүртэл явсан. Харамсалтай нь хэд хоногийн дараа манай найзад майл ирээгүй, надад майл ирсэн байсан. Тэр үед гэм хийчихсэн хүн шиг санагдаад найздаа хэлж чадахгүй хэд хоног явсан. Нэг өдөр санаандгүй найздаа хөтөлбөрт тэнцсэн тухайгаа хэлтэл найз нь маань яагаад хуульч хүн IT мэргэжилтэй байж болохгүй гэж, харин ч давуу тал болно ш дээ. Миний найз хөтөлбөрт хамрагд, чи мэдлэгтэй болж байна гэдэг чинь би мэдлэгтэй болж байна гэсэн үг. Хоёулаа хамтраад юмыг хийж чадна, чамайг сураад ирсний дараа хоёулаа дүү, ах, эгч зэрэг аймгийнхандаа мэдээлэл өгье, сургалт, семинар зохион байгуулъя гэсэн. Энэ хөтөлбөрт би аав ээж, ах эгч, найз нөхдийнхөө маш их итгэлийг дааж ирсэн. Улс орныхоо өнцөг булан бүрээс аймаг дүүргийнхээ төлөөлөл болж ирсэн шилдэг охидоос тасралтгүй суралцана гэсэн зорилгоо тавьж ирсэн. Тиймээс эмэгтэй хүн аль ч салбарт эрчүүдээс дутахааргүй өрсөлдөж чаддаг юмаа гэдгийг харуулахаар бид харуулахаар ирсэн юм. Мөн биднийг дэлхийд өрсөлдөж, улс орныхоо хөгжлийн түвшнийг өндөрт өргөх боломжийг олгосон ХХМТГ, БШУЯ, МУИС, ХААН банк сан, Голомт банк, ICT Group, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг бүгдэд нь маш их баярлалаа.